Улс төр
Л.Энх-Амгалан: 76 гишүүн нэг тойрогт ажилладаг болно
Сонгуулийн хуулийг өөрчлөх Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангийн байр суурийг хүргэе.
-Сонгуулийг ямар хувилбараар явуулах вэ. Бүлгийн гишүүд дэмжсэн үү?
-Сонгуулийн хуультай холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Бүлэгт Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийнхэн мэдээлэл өглөө. 2017 онд УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн гурван хуулийг санаачилж, өргөн барих асуудлаар ажлын хэсэг томилогдож ажилласан. Зөвхөн МАН-ын гишүүд бус УИХ-д суудалтай нам, бие даагч гишүүдийн төлөөлөл бүхий 12 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан.
Бид цаашид нэг хуулиар гурван сонгууль явуулах эрхзүйн боломжгүй гэдэг том сургамж авсан. Үүний дагуу Ерөнхийлөгч, УИХ, орон нутаг, сум дүүргийн сонгууль тус тусдаа хуулиар явах зайлшгүй үндэслэл байна гэж үзсэн. Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаа сонгууль зохион байгуулсан.
Ингэхдээ дөрвөн удаа мажоритар, нэг удаа холимог, бусад нь томсгосон тойргийн тогтолцоогоор сонгууль хийсэн байна. Ингээд бид өнгөрсөн сонгуулиудын судалгааг авч үзэн цаашид Монгол Улс ямар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах вэ гэдгийг авч үзсэн. Иргэд улс төрийн нам гэхээсээ илүү УИХ-д өөрийнхөө төлөөллийг туршлагатай, нэр цэвэр, тулхтай хүнээр бүрдүүлэх хүлээлттэй байна.
Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар баталж ирсэн байна. Цаашид Монголын ард түмэнд ашигтай хувилбар нь юу вэ гэдгийг ажлын хэсэг дээр судалсан.
-Өөр ямар хувилбарууд ярьсан бэ?
-Дөрвөн хувилбар байна. Тухайлбал, одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай, бүсчилсэн, дөрөвдүгээрт Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбараар сонгууль хийх эрх зүйн боломжтой байна. Ажлын хэсэг нэлээд нухацтай авч хэлэлцээд дээрх хувилбарын аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод хэрэгтэй вэ гэдэг дээр давуу болон сул тал дээр судалгаа хийж үзээд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв байна гэж үзсэн.
Өнгөрсөн хугацаанд хийсэн жижиг тойргоор хийсэн сонгуулиуд улс орны эдийн засгийг сулруулж, тойргийн сэтгэлгээн дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хуваарилах эрхзүйн зохицуулалттай байсан. Иймд ард түмний өмнө тулгамдаж байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд 76 гишүүн нэг тойргийн зарчмаар ажиллах нь зөв юм байна гэж үзсэн. Удахгүй Засгийн газарт өргөн барина.
-Хөндлөнгийн байгууллагуудын саналыг хэрхэн тусгаж байгаа вэ?
-Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэг, ТББ-ын зүгээс 280 гаруй санал ирсэн. Үүнээс 135 саналыг хүлээж авах боломжтой гэж үзсэн. Шат шатны сонгуулиуд бие даасан хуулийн дагуу сонгуульд оролцохоор туссан гэж ойлгож болно.
-Улс нэг тойрог тогтолцоо манай улсад хэр зохимжтой вэ?
-Өмнө нь энэ хувилбарыг ярьж байгаад техникийн дэмжлэггүй гээд дэмжээгүй хувилбар байгаа юм. Олон намын төлөөлөлтэй байх үед Э.Бат-Үүл, С.Оюун нарын гишүүд өргөн барьж байсан. Тэр үед тоолдог машин байгаагүй. Хоёрдугаарт ийм урт жагсаал гарах юм уу гэж хүмүүс ойлгож байх шиг байна. Жагсаалтаас нэг л хүн дугуйлна гэж хуулийн төсөлд орж ирж байна. Иргэд сонголттой байхыг хүсдэг.
Цөөхөн хүн оруулж ирээд сонгохоос өөр аргагүй байдалд тулгадаг гэж ярьдаг. Тиймээс Монгол Улс нэг тойргийн талаар олон яриа гарч болно. Зарчмын хувьд Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилдөг энэ байдлыг болиулах шаардлагатай байгаа юм. Иймээс хаврын чуулганы хугацаанд багтаад хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлэг эхлэх бэлтгэлийг хангаж, намрын чуулганы эхэнд баталж авахгүй бол сонгуулиас өмнө зургаан сараас багагүй хугацаанд баталсан байх ёстой.
-Нэрсийн жагсаалтын талаар тодруулна уу?
-Техникийн хувьд саналын хуудсыг тоолох боломжтой. Дунджаар 500-700 нэр дэвшигч байна.
-Цахим орчны зохицуулалтыг хэрхэн тусгасан бэ?
-Хуулийн төсөлд тодорхой зохицуулалтууд орж байгаа. Нэг зарчим барьж байгаа нь хүн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдаж болохгүй. Харин хүний нэр төрд халдах, сонгуулийн цахим хуудаст албан ёсоор бүртгээгүй хаягаар сонгуулийн сурталчилгаа явуулах зэргийг зохицуулсан. Олон улсад ч мөн ийм байдаг.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд өөрчлөлт орсон уу?
-Сурталчилгааны хугацаанд өөрчлөлт ороогүй.
-Сонгогчид талдаа төөрөлдөх асуудал гарах уу?
-Гарахгүй. Сонгогч аль нам байх нь хамаагүй нэг л хүнийг дугуйлна.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр3 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав