Дэлхий дахинд
Согтуу цагдаа нар таван настай хүүгийн аминд хүрчээ
Украины нийслэлээс холгүй орших Переяславль-Хмельницкий хэмээх жижиг хотод энэ хэрэг гарчээ.Тавдугаар сарын 31-ний өдөр таван настай Кирилл хүү гурван найзын хамт гудамжинд тоглож яваад тэнэсэн суманд оногдож газар унасан байна.Толгойдоо шархадсан хүүг хотын эмнэлэгт хүргэж яаралтай мэс засал хийсэн ч шархаа даалгүй өчигдөр нас баржээ.
Хэргийн эзэн цагдаа нар эхлээд сургуулилалт хийж буудаж байсан хэмээн мэдүүлсэн ч удалгүй согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж мөрийтэйгээр бай буудаж байсан нь тодорхой болсон байна.Оршин суугчдын ярьж байгаагаар цагдаа нар хөлчүүрхэн бай буудаж зугаацдаг нь анхны тохиолдол биш гэнэ. Эргүүлийн цагдаа, дэслэгч Иван Приходько, ахлах ахлагч Владимир Петровец нарыг хатуу шийтгэхийг шаардсан иргэдийн уур хилэн Украины нийгмийг донсолгож байна.
Ерөнхийлөгч В.Зеленский өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан “Ойр дотны хүнээ алдсан уй гашууг юугаар ч нөхөх аргагүй.Гэхдээ би эцэг хүний хувиар, бас ерөнхийлөгчийн хувиар гэмт этгээдүүдийг хатуу шийтгэхээ амлаж байна.Ямар ч өршөөл, өмгөөлөл үгүй” хэмээн мэдэгджээ.