Дэлхий дахинд
Дэлхийн 16 орны удирдагчид “D-Day” ажиллагааны 75 жилийн ойг тэмдэглэлээ
Өчигдөр Британийн Портсмут хотод дэлхийн 16 орны төрийн тэргүүнүүд цуглаж, 75 жилийн өмнө Баруун Европыг Нацист Германаас чөлөөлөх “D-Day” ажиллагаа эхэлсэн түүхэн үйл явдлыг дурсжээ.
Дурсгалын үйл ажиллагаанд Их Британийн хатан хаан Элизабет, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Германы канцлерь Ангела Меркель тэргүүтэй Австрали, Бельги, Канад, Чех, Дани, Франц, Грек, Люскембург, Нидерланд, Норвеги, Шинэ Зеланд, Польш, Словакын төр засгийн тэргүүнүүд оролцсон байна.
Тэднээс гадна 300 орчим ахмад дайчин оролцсон нь бүгд 90-ээс дээш настнууд байжээ. Дорнод фронт дээр Нацист Германтай гурван жил дайтсан Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин хоёрдугаар фронт нээхийг өрнөдийн орнуудад уриалж байсны үр дүнд 1944 онд “D-Day” ажиллагаа эхэлж байв.
1944 оны зургаадугаар сарын 6-ны шөнө Британийн Портсмутаас 150,000 гаруй холбоотны цэрэг далай, агаараар Францын Нормандын эрэгт буусан юм.
АНУ-ын генерал Дуайт Эйзенхауэрын командалсан уг ажиллагаанд 7,000 орчим хөлөг онгоц ашиглаж, Францын 80 км орчим урт эрэгт газардсан нь түүхэнд хамгийн том газар, усаар хийсэн байлдааны ажиллагаанд тооцогддог.
Үр дүнд нь Дэлхийн Хоёрдугаар дайн дуусах явц түргэссэн юм.
Эх сурвалж: Business Insider