Дэлхий дахинд
Оросууд “Чернобыль”-ийг өөрийн “үнэн” хувилбараар бүтээнэ
HBO компани Чернобылийн цөмийн ослын түүхийг харуулсан “Чернобыль” таван ангит цуврал киног бүтээсэн нь дэлхийн орон орны үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа.
Өнгөрсөн Даваа гарагт дууссан уг цувралын IMDB сайтын кино шүүмжлэгчдээс авсан үнэлгээ нь телевизийн бүтээлүүдийн түүхэнд хамгийн өндөр нь болсон байна. Мөн Оросын ижил төстэй КиноПоиск сайтын үнэлгээ 9.1 хүрсэн юм.
Тэгвэл Оросын найруулагч Алексей Мурадов төрийн өмчит НТВ телевизийн захиалгаар Чернобылийг дахин хийх гэж байгаагаа хэвлэлд ярьжээ.
Комсомольская Правда сонинд “Америкчууд Чернобылийн ослыг зориудаар бий болгосон гэх онол байдаг. Осол гарах үед станц дээр гадаадын тагнуул ажилласан байх магадлалтай гэж олон түүхчид үздэг” хэмээн Мурадов ярьсан байна. Өөрөөр хэлбэл тэр Чернобылийн ослыг гадны хорлон сүйтгэх ажиллагаа байснаар харуулах бололтой.
ОХУ-ын соёлын яам уг бүтээлд зориулж 30 сая рубль ($463,000) төсөвлөснийг Hollywood Reporter мэдээлжээ.
1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Зөвлөлт Украины Припять хот дахь Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр реактор дэлбэрсэн түүхтэй.
Дэлбэрэлтийн үеэр хамгийн багадаа 31 хүн амь үрэгдэж, хор уршиг нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм.
“Чернобыль” цувралыг үнэн бодитой болсон талаар Оросын үзэгчид ам сайтай байгаа. Залуу үеийнхэн нь хүртэл өнгөрсөн түүхийнхээ талаар мэдэж авснаа сошиал сүлжээнд илэрхийлцгээж байна.
Гэхдээ Оросын иргэдийн зарим хэсэг нь уг бүтээлийг Америкийн суртал нэвтрүүлэг, Зөвлөлт Холбоот Улсын үеийг харлуулах зорилготой гэх зэргээр шүүмжилж байгаа юм.
Тиймээс Оросын засгийн газар HBO-ийн цувралд түүхэн үнэнийг гажуудуулсныг засварлах зорилгоор өөрийн хувилбарыг бүтээхээр болоод байна.
Эх сурвалж: BBCОросууд “Чернобыль”-ийг өөрийн “үнэн” хувилбараар бүтээнэ