Дэлхий дахинд
Токио хотын баривчлан саатуулах төв гадаадын сэтгүүлчдэд хаалгаа дэлгэж үзүүлжээ
Өчигдөр Токио хотын баривчлан саатуулах төв сэжигтнүүдийг ямар нөхцөлд хорьж цагддагаа гадаадын хэвлэл мэдээллийнхэнд үзүүлжээ.
Тус улсын хууль, хүчнийхэн гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүнийг батлан даалтаар суллалгүй, шүүх хурал хүртэл олон хоног, заримдаа хэдэн сарын хугацаанд хорьдогоороо алдартай. Гадаад улс орнууд Японы хууль эрх зүйн системийг “хүн барьцаалдаг систем” хэмээн шүүмжилдэг юм.
Саяхан Ниссан компанийн ерөнхийлөгч Карлос Гон ямар нэг гэмт хэрэг үйлдсэн нь батлагдаагүй байхад энд 130 хоног хоригдсон. Тэрээр батлан даалтаар суллагдсаныхаа дараа саатуулах төвийн нөхцөл байдлын талаар гомдоллож байв.
Токио хотын саатуулах төв нь тус бүр 7.5 м.кв талбайтай өрөөнүүдтэй юм байна. Өрөөнд жорлонгийн суултуур, угаалтуур, бичгийн ширээ, хөнжил гудаснаас өөр юу ч байхгүй.
Тэнгэр харсан жижиг цонхтой. Багахан хэмжээний мах эсвэл загас бүхий будаа, шөлнөөс бүрдсэн энгийн хоолтой.
Хоригдлууд өдөрт нэг удаа торон хашаатай нарийхан бетон талбайд 30 минутын хугацаатай салхилж, биеийн чилээгээ гаргадаг байна. Бас хоригдлуудад үйлчилдэг жижиг дэлгүүрээс савласан жимс, жигнэмэг зэрэг ойр зуурын хүнсний зүйлс худалдан авч болдог ажээ.
Өрөөнүүдэд телевиз байхгүй, орой нь нэг удаа радиогоор өдрийн үйл явдлын мэдээг сонсдог байна. Орой 9:00 цагаас орондоо орж, өглөөний 7:00 цагт босох цагийн хуваарьтай.
Хоригдлуудын 14 хүртэл хувийг гадаадын иргэд эзэлдгээс гуравны нэг нь Хятадын иргэд, дараа нь Вьетнам, Өмнөд Солонгосын иргэд удаалдаг байна. Нийт гадаад хоригдлуудын 4 хувийг Америкчууд бүрдүүлдэг ажээ.
Тэдний ихэнх нь хулгайн хэрэгт сэжиглэгддэг бол дараа нь мансууруулах бодис, залилан, дээрмийн хэрэгт холбогдсон хүмүүс голдуу хоригддог гэнэ.
Эх сурвалж: Associated Press