“It is the assessment of the U.S. government that Iran is responsible for today’s attacks in the Gulf of Oman….”@StateDept @SecPompeo pic.twitter.com/sTIB0p1kCE
Дэлхий дахинд
Оманы буланд газрын тос тээвэрлэгч хөлгүүд халдлагад өртөж, АНУ Ираныг буруутгалаа
Өчигдөр Оманы буланд газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг халдлагад өртсөнөөс дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх, АНУ-Ираны хооронд дайн дэгдэх айдас нэмэгдлээ.
Хэрэг явдлын дараа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “АНУ-ын засгийн газрын дүгнэж байгаагаар өнөөдөр Оманы буланд гарсан халдлагад Исламын Бүгд Найрамдах Иран улс буруутай” гэж мэдэгджээ.
Гэхдээ тэр Вашингтоны байр суурийг батлах ямар нэг баримт үзүүлээгүй байна.
“Дүгнэлтийг тагнуулын мэдээлэл, хэрэглэсэн зэвсэг, халдлагыг гүйцэтгэсэн ур чадвар, саяхан болсон ижил төстэй халдлагын мэдээлэл дээр тулгуурлан гаргалаа. Үүнээс гадна ийм хэмжээний халдлагыг гүйцэтгэх чадвартай жижиг зэвсэгт бүлэглэл одоогоор байхгүй юм” гэж Помпео тайлбарлажээ.
Тавдугаар сарын 12-нд энэ бүс нутагт газрын тосны дөрвөн тээвэрлэгч хөлөг ижил төстэй халдлагад өртөхөд Вашингтон мөн Тегераныг буруутгаж байв.
Ирантай байгуулсан цөмийн гэрээнээс АНУ-ыг Дональд Трамп өнгөрсөн онд гаргасны дараа талуудын дайсагнал эрчимтэй нэмэгдсэн юм.
Вашингтоноос Тегеранд оноосон эдийн засгийн хоригийн үр дүнд газрын тосоо зарж чадахгүй бол дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн гол зам болох Ормузын хоолойг хаахаа Ираны эрх баригчид дахин дахин анхааруулж байгаа.
Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф өчигдөр болсон халдлагыг “сэжигтэй хэрэг явдал” гэж үзэж байгаагаа твиттер хуудсандаа бичээд бүс нутгийн орнуудын дунд уулзалт яриа хийхийг уриалжээ. Тус улс тавдугаар сарын 12-ны халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй юм.
АНУ-ын талыг баримтлагч Саудын Араб энэ явдлыг “дайсагнал нэмэгдэж байгаагийн илрэл” гэж мэдэгдсэн байна. Тус улс Йемен дэх Ираны талыг баримтлагч Хутис бүлэглэлтэй дайтаж байгаа юм.
Харин Ираны гол холбоотнуудын нэг ОХУ талуудад хүлээцтэй байж, халдлагын талаар түргэн дүгнэлт гаргахгүй байхыг уриалжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш аюулгүй байдлын зөвлөлийн хуралд үг хэлэхдээ “баримт дээр үндэслэн дүгнэлт гаргаж буруутай этгээдийг олж тогтоох”-ыг талуудад уриалсан байна. Тэр бас Персийн буланд томоохон зэвсэгт мөргөлдөөн гарахыг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүйг анхааруулжээ.
Ормузын хоолой бол Саудын Араб болон Персийн булангийн бусад газрын тос нийлүүлэгч улсуудын тээврийн гол зам болдог бөгөөд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 30 хувь дамжин өнгөрдөг. Хэрэг явдлын дараа дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ 4 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters