Дэлхий дахинд
Дональд Трамп Ким Кардашьянийг амжилттай хуульч болно гэв
Ерөнхийлөгч Трамп уг арга хэмжээнд ирсэн зочдод Кардашьянийг танилцуулахдаа “Би та бүхний өмнө нэгэн онцгой зочныг урих гэж байна. Энэ хүн бол энтертайнмент салбарын амжилттай хүмүүсийн нэг төдийгүй эрх зүйн шинэчлэлийн хүчирхэг дэмжигч юм. Түүнийг саяхнаас хуулийн чиглэлээр суралцаж эхэлсэн гэж сонссон. Удахгүй түүнийг хамгийн амжилттай хуульчдын нэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд реалити шоуны одыг индэрт урьсан байна.
Харин Кардашьян шоронгийн шинэчлэл, ял шийтгэх ажиллагаатай холбоотой үйлсэд жил гаруйн өмнөөс татагдан орсноо дурдаж, Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп, хүргэн Жаред Кушнер нарт талархал илэрхийлсэн байна. Мөн энэ үеэр тэрээр өмнө нь ял эдэлж байсан хүмүүсийг нийгмийн амьдралд буцаан оруулах, ажилд ороход нь туслах хөтөлбөрийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн юм. Энэ нь суллагдсан иргэд ажлын ярилцлагад орох, ажил, гэр хоёрын хооронд зорчиход унаагаар туслах зорилготой юм байна.
Дашрамд дурдахад, 38 настай шоу бизнесийн од бүсгүй өнгөрсөн жил Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хар тамхины хэргээр бүх насаар хоригдох ял эдэлж байсан Алис Мэри Жонсон хэмээх 63 настай эмэгтэйг суллуулж чадсан юм. Үүний дараа тэрээр хуульч болохоор суралцаж эхэлсэн бөгөөд энэ сонголтыг хийхэд дээрх үйл явдал урам зориг өгсөн гэж Vogue сэтгүүлд ярьжээ.
Эх сурвалж: People