Дэлхий дахинд
Ираны завь дэлбэрээгүй бөмбөгийг салгаж байгаа дүрс бичлэгийг АНУ үзүүллээ
Өчигдөр Оманы булан дахь олон улсын усан бүсэд аялж байсан газрын тос тээвэрлэгч хоёр хөлөг халдлагад өртсөн билээ. АНУ-ын засгийн газар уг халдлагыг Иран улс үйлдсэн гэж мэдэгдээд байгаа бол Тегераны эрх баригчид үүнийг эрс няцааж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео халдлагыг Ираны тал үйлдсэн болохыг олон талын баримтаар баталсан гэж мэдэгдсэн юм. Тэгвэл энэ мэдэгдлийн дараа АНУ-ын батлан хамгаалах яам нэгэн дүрс бичлэгийг үзүүлжээ.
Уг бичлэг дээр халдлагад өртсөн хөлгүүдийн нэг болох Японы “Kokura Courageous” нэртэй хөлгийн эх биенээс Ираны далайчид ямар нэг зүйл салгаж аваад буцаж байгааг харуулсан байна.
АНУ-ын албаныхан салгасан зүйлийг дэлбэрээгүй бөмбөг гэж үзэж байгаа бөгөөд Ираны тал өөрсдийнхөө оролцсоныг батлах баримтыг үлдээхгүйн тулд авч явсан байх гэж тайлбарлажээ.
Дүрс бичлэгийг АНУ-ын байлдааны нисэх онгоцноос үйлдсэн гэнэ. Өчигдөр халдлагад өртсөн хоёр хөлөг нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойн ойролцоо болсон юм.
Нэг хөлөг нь Японы эзэмшлийнх байсан бол нөгөө нь Норвегийн хөлөг байжээ. Хөлгийн багийн гишүүдийг тэнд эргүүл хийж байсан АНУ-ын байлдааны хөлгүүд аварсан байна.
Олон улсын хараат бус газрын тос тээвэрлэгчдийн холбооны мэдэгдэлд хөлгүүд “усны түвшинд, эсвэл уснаас доод түвшинд орших ямар нэг зүйлтэй хөдөлгүүрийн хэсгээрээ мөргөлдсөн” болохыг мэдээлжээ.
Японы газрын тос тээвэрлэгч хөлөг халдлагад өртөх тэр үед Японы ерөнхий сайд Абэ Шинзо Тегеран хотноо Ираны удирдагч Аятолла Хаменитай уулзаж байсан юм.
Тэрээр АНУ-Ираны зөрчлийг зохицуулах зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээр Тегеранд айлчилж байгаа. Ираны гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “Японы ерөнхий сайд Ираны удирдагчтай уулзаж байх үед Японы хөлөг халдлагад өртсөн нь сэжигтэй байгаа”-г твиттер хуудсандаа мэдэгджээ.
Тавдугаар сарын 12-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайрах боомтын ойролцоо газрын тос тээвэрлэгч дөрвөн хөлөг мөн ижил төрлийн халдлагад өртөж байв. Олон улсын шинжээчид уг халдлагыг мөрдөн шалгаад “аль нэг улсын төрийн оролцоотой этгээд үйлдсэн” гэх урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа.
Өмнөх халдлагад АНУ мөн Тегераны эрх баригчдыг буруутгаж байсан бол Ираны тал үүнийг эрс няцааж байгаа юм.
Эх сурвалж: CNN