Дэлхий дахинд
ТУРКИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД “ФЕТО” БҮЛЭГЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ СУРГУУЛИЙГ ХААЛАА ХЭМЭЭН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ
Туркийн Гадаад харилцааны сайд Мэвлют Чавушоглу нь тус улсад алан хядах гэж тооцогддог “ФЕТО” бүлэглэлтэй холбоотой сургуулийг цаг алдалгүй хаалаа гэж Руанда улсын эрх баригчдад албан ёсны талархал илэрхийлсэн тухай “Anadolu Ajansi” агентлаг мэдээлэв.
Чавушоглу нь Руандагийн Гадаад харлцааны сайдтай хамтарсан хэвлэлийн бага хурал хийхдээ “Руандын эрх баригчид энэ сургуулийг цаг алдалгүй хаасан явдал биднийг болон турк ард түмнийг аз жаргалтай болголоо” гэжээ.
АНУ-д улс төрийн цагаачаар амьдарч байгаа Туркийн шашны номлогч Фэтхуллах Гюлэний удирддаг “ФЕТО” байгууллагыг Туркийн эрх баригчид алан хядах үйл ажиллагаа явуулдаг гэж үздэг. Учир нь, 2016 оны долоодугаар сард Туркт болсон төрийн эргэлт хийх оролдлогыг Фэтхуллах Гюлэний заавраар “ФЕТО” байгууллагын гишүүд зохион байгуулсан гэж нотолдог. Иймд тус байгууллагатай холбоотой хүмүүсийг олноор нь илрүүлэн баривчилсан, хилийн чанадад дахь үйл ажиллагааг нь хязгаарлах, таслан зогсоох арга хэмжээг эрчимтэй явуулдагийг нэг жишээ нь энэ. Гюллений “ФЕТО” сан нь Төв болон Дундад Ази, Африкийн лалын шашинд орнуудын боловсролын өргөн хүрээтэй хөрөнгө оруулалт хийгээд удаж байгаа тул тус төвийн байгуулсан сургуулиудыг тэр болгон хааж чадахгүй байгаа.
Монголд үйл ажиллагаа явуулдаг “Эмпати” сургуулийг ч Фэтхуллах Гюллений сангаар дамжин байгуулагдсан тул алан хядагчидтай холбоотой, үйл ажиллагааг нь хаавал зохистой гэсэн мэдээллийг Туркийн талаас нэг бус удаа өгч байсан.
Туркийн эрх баригчид өөрсдөө ч зүгээр суулгүй “ФЕТО” бүлэглэлтэй холботой хүмүүсийн илрүүлэн баривчилсан хэвээр байна. Хоёр өдрийн өмнө л гэхэд армид алба хаадаг 36 хүнийг тус байгууллагатай холбоотой гэж сэжиглэн баривчилсан тухай “Anadolu Ajansi” мэдээлсэн.