Улс төр
ТӨРИЙН АЛБАНЫ УРГИЙН МОД

МАН-ын Засгийн эрх авснаас хойших хоёр жилийн хугацаанд хийсэн томилгоог эргэн нягталбал төрийн чухал албанд зөвхөн улстөрчдийн хүүхэд, хүргэн, бэр, хамаатан садан залардаг систем бий болж бүрэлджээ. Төрийн албанд мерит зарчим тогтоож, танил, тал, арын хаалгаар ажилд авдаг тогтолцоог хална гэх амлалт хоосон лоозон болж хувирсан нь эндээс харагдана. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Төрийн албаныханд үнэлт дүгнэлт хийхээр болсон энэ үед төрийн алба төрлийн болж хувирсан ШИНЭ БАРИМТ-ыг дэлгэж байна. Цаашид яам, тамга төрийн өмчит үйлдвэр болон Засгийн газрын оролцоотой том төслүүдэд хэний шахаагаар хэний найз нөхөд, туслах ажилд орсон мэдээллийг хүргэнэ.
- УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХҮҮ Э.АНАР Монголбанкны Төлбөр тооцооны бүртгэлийн газрын дарга
- ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ДҮҮ У.ОТГОНБАЯР Барилга хот байгуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга
- ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТӨРСӨН АХЫН ХҮҮ Г.ГАНТУЛГА Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ Б.БАТТҮШИГ Монголбанкны бодлогын зөвлөлийн гишүүн
- УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛДЫН ГЭРГИЙН ТӨРСӨН ДҮҮ Б.АСРАЛТ Гаалийн ерөнхий газрын дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН, ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТЫН ТӨРСӨН ДҮҮ Ж.ЭРДЭНЭТӨГС Сэлэнгэ аймгийн ОНӨҮГ-ын дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАНЫ ТӨРСӨН ЭГЧ Т.САРАН Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар
- УИХ-ЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН АХ Ч.ГАНБОЛД Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт, мониторингийн газрын дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН, САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАРЫН ГЭРГИЙ Р.САРАНЦЭЦЭГ Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирал
- УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖИЙН ХҮҮ Н.АНХБАЯР Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛИЙН ХҮҮ Д.УЛАМ-ӨРНӨХ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны албаны газрын дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛИЙН ДҮҮ В.ҮНЭНБАТ Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал
- УИХ-ЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМААГИЙН НӨХӨР Ч.САРАНЖАВ “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК”-ийн захирал
- УИХ-ЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМААГИЙН ОХИН С.БАЯСГАЛАН Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч
- УИХ-ЫН ГИШҮҮН, БОЛОВСРОЛ СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМААГИЙН ХҮҮ С.ТҮВШИНТӨР Зам тээврийн яамны Далайн захиргааны газрын дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛДЫН ХҮҮ Э.ОДМӨНХ Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын дэд захирал
- УИХ-ЫН ГИШҮҮН, ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАНГИЙН ДҮҮ Д.БАЯРСАЙХАН Төрийн банкны ерөнхий захирал
- УИХ-ЫН ГИШҮҮН, ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.ОЮУНЧИМЭГИЙН ДҮҮ Л.ЭРХЭМЗАЯА“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр хариуцсан газрын захирал
- УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ-ЫН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.ОЮУНЧИМЭГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.ЦЭЦГЭЭ Чингэлтэй дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН Б.САРАНЧИМЭГИЙН НӨХӨР Н.МӨНХБААТАР “Чингис хаан” нисэх онгоцны буудлын дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯРЫН ЭХНЭРИЙН ТӨРСӨН ДҮҮ С.МӨНХЧИМЭГ Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд
- УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ХАДАМ ЭЭЖ Б.ОТГОНЖАРГАЛ Нийслэлийн нийгмийн халамжийн газрын дэд дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТЫН ТӨРСӨН ДҮҮ С.ТУНГАЛАГТАМИР Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд газрын дарга
- УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Я.СОДБААТАРЫН АХ Я.СОД-ЭРДЭНЭ Хөгжлийн банкны Хяналт шалгалт Тамгын газрын дарга
- УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА СУ.БАТБОЛДЫН ЭХНЭРИЙН ТӨРСӨН ДҮҮ Б.БАТ-ИДЭР Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
- ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДАД НЭР ДЭВШИГЧ Ч.УЛААНЫ ЭХНЭР О.ЦЭЕНБАДАМЫН ТӨРСӨН ДҮҮ О.ЛХАГВАЦЭДЭН БХБЯ-ны нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
- ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД АСАН Т.БАДАМЖУНАЙН ОХИН Б.ГАВАА Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Тамгын газрын дарга
- САНГИЙН ДЭД САЙД АСАН Т.ОЧИРХҮҮГИЙН ХҮҮ О.ЭРДЭМБИЛЭГ Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын охин М.Золжаргалын нөхөр Т.ЛХАГВАДОРЖ МОНГОЛ УЛСААС СИНГАПУР УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуулын эхнэр Н.АЛТАНЦЭЦЭГ ШВЕЙЦАРЬТ СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД АЖИЛЛАДАГ
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханы нөхөр П.БАЯРМАГНАЙ ГХЯ-НЫ ГАДААД СУРТАЛЧИЛГААНЫ ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ
- УИХ-ын гишүүн Н.Оюундарийн дүү Н.ЧИМГҮҮНДАРЬ ГХЯ-НЫ ТУСГАЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ ЭЛЧИН САЙД
- УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хүргэн Ч.СҮХБААТАР АНУ-ЫН САН-ФРАНЦИСКО ХОТЫН КОНСУЛЫН ГАЗРЫН ДЭД КОНСУЛ
- УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү Н.АНХБАЯР ГХЯ-НЫ ТӨРИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА. Үүнээс өмнө Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консулаар ажиллаж байв.
- УИХ-ын гишүүн Н.Энхболдын хүү Э.ОДМӨНХ ГХЯ-НЫ ДИПЛОМАТ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ
- Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн хүү Л.МӨНХТҮШИГ ГХЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТСИЙН ЗАХИРАЛ
- УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын охин Т. ОДСҮРЭН ГХЯ-НЫ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН
- БЕЛЬГИЙН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД О.ОЧ АШУҮИС-н захирал Ж.Цолмонгийн нөхөр

Улс төр
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжааллаа.
Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдлаа.
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.
Засгийн газраас энэ төрлийн үнэт цаасыг тогтмол бага хэмжээгээр арилжаална. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд үнэт цаасны хүүгийн орлого нь орлогын албан татвараас чөлөөлөгддөг бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааг Засгийн газрын дотоод үнэт цаасаар гаргах боломжтой зэрэг олон талын ач холбогдолтой. Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.
Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам
Улс төр
“Бонд форум-2025” өндөрлөлөө

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум-2025” арга хэмжээ өнөөдөр /2025.04.17/ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм.
Бондын зах зээлийн ач холбогдлыг сурталчлан, иргэд, олон нийт болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг бонд гаргах замаар санхүүжилт татах сонирхлыг дэмжих зорилготой форумын үйл ажиллагааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нээж хэллээ. Тэрбээр, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэсэн.
Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий болох санал санаачилгыг парламент дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын дарга чуулганаар хэлэлцэж буй Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан, цаг үеийн шийдэл хүлээгдсэн асуудлаар эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж буй 60 гаруй ажлын хэсгийн талаар мэдээлэл танилцуулж, Улсын Их Хурал, Засгийн газар, яамд, салбарын эрх ашгийг хөндсөн чухал асуудалд оролцогч талуудын саналыг сонсож, тухайн шийдвэрийг гаргадаг эрх зүйн орчныг бий болгох зорилго тавьж буйг дурдаад форумын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жалбаажамц үг хэлсэн.
Тэрбээр, Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд өсөлтүүд гарч, зах зээлийн үнэлгээ, үнэт цаасны арилжаа идэвхжиж, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагч, зах зээлийн оролцогчдын идэвх сонирхол нэмэгдэж, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний тоо өссөн нь Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, зах зээлд оролцогч, мэргэжлийн холбоо, дэд бүтцийн байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүн байсныг онцолсон.
2024 онд үнэт цаасны арилжаа 1.58 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 2 дахин нэмэгдсэн бөгөөд үүнээс 57.8 хувийг компанийн бонд, 22.7 хувийг хувьцаа, 13.0 хувийг хөрөнгийн биржийн үнэт цаас, 6.5 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа тус тус эзэлсэн байгаа нь дотоодын компаниудын бондын зах зээлд оролцох идэвх оролцоо эрс өсөж байгааг харуулж байна гэлээ.
Манай улсын хувьд анхны компанийн бонд 2001 онд гарч байсан түүхтэй бөгөөд үүнээс хойших хугацаанд бондын зах зээлээр дамжуулан татсан санхүүжилтийн хэмжээ нэмэгдэж, ногоон бонд, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон бонд, нийслэлийн бондууд гарч, бондын төрөл, тоо, ширхэг нэмэгдэж байгаа нь сайшаалтай үзүүлэлт гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга тодотгов.
Түүнчлэн тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын томоохон компаниудыг банкны өртөг өндөр зээлийн санхүүжилтээс илүүтэй хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар санхүүжилт татах бололцоог нэмэгдүүлэх зорилгоор богино хугацаанд бага үнийн дүнтэй бонд гаргахад барьцаа, батлан даалт шаардахгүй байх зэргээр тавигдах шалгуурыг багасгаж, арилжаа эрхлэх байгууллагад бонд бүртгүүлэх хүсэлтийг шуурхай шийдвэрлэдэг байх бололцоог бүрдүүлснийг форумын үеэр дуулгасан юм.
Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Л.Төр-Од үг хэлэв. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од, Банкны шалгуур, санхүүжилтийн өртөг өсөж буй энэ цаг үед зээлийн санхүүжилтийг орлох хувилбар нь бонд гаргах явдал юм хэмээгээд, Санхүүгийн зохицуулах хорооноос өөрийн тодорхой журамд өөрчлөлт оруулан Топ-100 аж ахуйн нэгжид бонд гаргахад хөнгөлөлттэй нөхцөл тавьж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг тэмдэглэв.
Тэрбээр Топ-100 аж ахуйн нэгжүүд болон зах зээлийн мэргэжлийн оролцогчид бондоор хөрөнгө оруулалт татахдаа Ногоон бондыг онцлон анхаарахыг хүсч, энэхүү бонд нь бидний өнөөгийн хамгийн ихээр ярьж буй ногоон шилжилт, нөгөөн хөгжлийг цогцлооход тодорхой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүн гэдгийг энд онцлон дурдсан.
Түүнчлэн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал нь биднээс улам илүү хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хамтран ажиллах шинэ хэлбэрүүдийг шаардаж байгааг тодотгоод, Улсын Их Хурлын даргын санаачилж буй “Бонд форум-2025” арга хэмжээнд оролцогчдын санал, дүгнэлт, илтгэлүүд нь хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Форумын үеэр Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт, олон улсын бондын зах зээлийн чиг хандлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломж, бондод санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгох ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүү тогтоох ач холбогдол зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн бодлого, зохицуулалт сэлдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг нар оролцсон юм.
Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран Топ-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд оролцуулах, үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих, хялбаршуулах чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг байгуулсан нь юм. Энэхүү форумын үр дүнд бондын зах зээлд оролцох хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэж, иргэдийн ойлголт сайжирч, аж ахуйн нэгжүүд бонд гаргах замаар санхүүжилтийн зардлаа бууруулах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, цаашлаад зээлийн хүүг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид дүгнэсэн юм. Мөн тус “Бонд форум-2025” нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан, өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд гутал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.
Ерөнхийлөгч эхлээд Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны нутагт байрлах “Миний гутал” ХХК-д очлоо.
Тус компани 2011 онд гутал засвар ажиллуулж байсан бол өдгөө өдөрт Yurdi брэндийн 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болжээ.
Одоо 32 ажилтантай, 21 аймагт гэрээт борлуулагчтай бөгөөд өнгөрсөн жил 42 мянган хос гутал үйлдвэрлэсэн байна.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 600 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авснаар үйлдвэрээ өргөтгөх, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн тухай захирал Э.Түвшинтулга танилцууллаа.
Цаашид тоног төхөөрөмжийн зээл авч 2027 оноос өдөрт 400 хос гутал үйлдвэрлэн, 30 гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Өндөр уртын буян” ХХК-д ажиллалаа.
Тус компани 45 ажилтантай. Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын зээл авч, улсдаа анхны шууд уллагааны үйлдвэртэй болсон. Одоогоор өдөрт “Батур” брэндийн, ихэвчлэн ажлын 800 хос гутал үйлдвэрлэж байна.
Цаашид “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эргэлтийн хөрөнгийн зээл авч, 2028 он гэхэд өдөрт 1,600 хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.
“Миний гутал”, “Өндөр уртын буян” ХХК дотоодын үйлдвэрүүдэд боловсруулсан арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамтран ажилладаг юм байна.
Үндэсний үйлдвэрлэгчид зах зээлийн тодорхой хувийг хангаж, улмаар экспортод гаргах боломжтой. Цаашид зээл, татварын бодлогоор улам илүү дэмжих, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, ажиллах хүчин бэлтгэхэд анхаарах шаардлагатайг компанийн удирдлагууд ярилаа.
Мөн “Цагаан алт” үндэсний хөтөлбөр 2028 онд хэрэгжиж дуусах хэдий ч, цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үздэгээ илэрхийлэв.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 69 төвд 40 гаруй мянган залуу суралцдагийн ердөө 77 нь гутал үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг. Иймээс цаашид “суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” нөхцөл бүрдүүлж, 6 сараас 1 жилийн хугацаанд сургаж, бэлтгэхийг зорьж байгаа тухай Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ.
Энэ жил “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банк аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл хэлбэрээр 300 тэрбум, хөрөнгө оруулалтын зээлд 489 тэрбум төгрөг олгож, дээрх хоёр зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулна.
Үндэсний үйлдвэрлэгчид жилд нэг сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хоёр саяд хүргэх зорилт тавьжээ.
-
Улс төр10 цаг өмнө
Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа
-
Нийгэм11 цаг өмнө
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ
-
Нийгэм14 цаг өмнө
Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна
-
Улс төр15 цаг өмнө
“Бонд Форум-2025” ёслол боллоо
-
Нийгэм12 цаг өмнө
Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна
-
Нийгэм16 цаг өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав
-
Нийгэм16 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ
-
Улс төр11 цаг өмнө
“Бонд форум-2025” өндөрлөлөө