Дэлхий дахинд
Монголчууд хог идсэн малынхаа махыг идэж байна
Японы “Токио Тв” телевизийн баг Монголд ирж яг одоо тулгамдаад буй хог хаягдал, утааны талаар нэвтрүүлэг хийсэн нь лхагва гаригт /2019.06.05/ тус телевизээр цацагдлаа. Жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдрийг дэлхий нийтээрээ “Байгаль орчныг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг билээ. “Сүүлийн жилүүдэд хог хаягдал гэдэг бол дэлхий нийтийн асуудал болоод байна. Япончууд бидэнд сүмогийн хүчит бөхчүүд, үзэсгэлэнт байгаль, тал хээр нутгаараа алдаршсан монгол орны талаар бидний мэддэггүй өнцгөөс та бүхэнд танилцуулъя” хэмээн нэвтрүүлэг эхлэв. Ингээд Япон хүний нүдээр Монгол Улс ямар харагдсан, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэж болох талаар сонирхуулъя.
-ХОГ ХАЯГДАЛ ОНГОН ЗЭЛҮҮД БАЙГАЛИЙГ СҮЙТГЭЖ БАЙНА-
Монгол орон гэхээр онгон дагшин тал нутаг, нүүдэлчин амьдралын хэв маяг шууд санаанд буудаг. Харин энэ төсөөллийн ард Япон хүмүүсийн мэддэггүй маш олон асуудлууд нуугдаж байдаг. нэвтрүүлгийн багийнхныг хөдөөгүүр аялаж байхад бид дуртай газраа тамхи татаж болж байсан. Тааралдсан уул болгоны бэлд хог асгасан, хаа сайгүй малын сэг зэм тааралдаж байв. Монгол Улсад жилд дунджаар 800 гаруй мал хогоор хооллосны улмаас үхлэг гэсэн тоо баримт байдаг аж. Ингээд бодохоор хог идсэн малын мах сүүг хэрэглэж байгаа нь хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх нь санаа зовоосон асуудлуудын нэг болж байгаа юм.
Нэвтрүүлгийн найруулагч Камада “Монгол орон бол үзэсгэлэнт байгальтай, сайхан улс. Гэхдээ бас бодит байдлыг нууц чадахгүй” хэмээн хэлжээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хогийн савнууд зүгээр л хог агуулах хэрэгсэл мэт байдаг. Энд тэнд тааралдах хогийн савнуудад хүмүүс хогоо огт ангилж ялгалгүй зүгээр шидэж орхидог. Бид хог аядаг машины араас дагахад хотын захад байх хогийн цэг дээр ирсэн юм. Тэнд зүгээр л хогон уул бий болсон байлаа. Энд ямар ч хогийг шатаах, дахин боловсруулах үйлдвэр байхгүй. Хаа таарсан газраа ангилж ялгаагүй хогоо асгачихдаг. Мөн энд хуванцар, шил, лааз цуглуулж, түүнийгээ тушааж мөнгө олдог хүмүүсийн тосгон гэмээр хэсэг бүлэг хүмүүс амьдардаг. Тэд ингэж амьдраад өдөрт 250 орчим иен олдог.
-ЯПОН МАЯГИЙН ХОГ АНГИЛАХ ТЕХНОЛОГИ МОНГОЛД-
Монголд саяхнаас байгаль орчинд халтай нийлэг уутны хэрэглээг багасгахы тулд нимгэн нийлэг уутыг хэрэглээнээс хасах шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Энэхүү журмын дагуу 0,035 милиметр ба түүнээс нимгэн уут хэрэглэхийг хориглосон. Гэсэн ч хяналт шалгалт муу учир захын дэлгүүрүүдэд ийм төрлийн уутыг хэрэглэсээр байгаа нь харагдаж байлаа. Энэ бүх саар зүйлийн хажуугаар сайн сайхан ажлыг эхлүүлж байгаа хүмүүс ч байсан юм.
Япон улсад суралцаж байгаад эх орондоо ирсэн Б.Мөнхзул гэх эмэгтэй хогийг ангилан ялгаж хаях хөдөлгөөнийг эхлүүлжээ. Түүний эхлүүлсэн ажлын хүрээнд хүмүүс хогоо найман төрөлд ангилан хаях болсон байна. Тэрбээр долоон жил Япон улсад суралцаад эргэн ирсэн бөгөөд “ХОГОО БАГАСГАЯ” нэртэй фэйсбүүк групп үүсгэн хүмүүст хогийг ангилан ялгаж хаяхын сайн тал, хэрхэн ангилахыг зааж, уриалдаг байна.
Мөн манай нэвтрүүлгийн багийнхан агаарын бохирдлоос болж уушгины хатгалгаатай болсон хүүхдүүдэд тусладаг хүмүүстэй уулзсан. Тэд мөн л утааг бууруулах Япон технолгогийг монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Улаанбаатар хот бол өвөлдөө маш их агаарын бохирдолтой байдаг, дэлхийд агаарын бохирдлоороо дээгүүрт жагсдаг хотуудын нэг. Улаанбаатар хотын агаарын бохирдол хүн амын өсөлт, нягтаршилаас шалтгаалдаг. Учир нь жижиг газар нутаг дээр маш олон хүн суурьшсан байдаг ба тэдний унаж буй машины яндангийн утаа, гол түлш буюу нүүрсний утаа нь энэ их агаарын бохирдлын үндэс болдог. Монгол Улсын нийслэлд уушгины хатгалгаа нь таваас доош насны хүүхдүүдийн нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байна.
Эх сурвалж:www.tv-tokyo.co.jp