Дэлхий дахинд
БНАСАУ олон тооны пуужин харваснаа тайлбарлав
БНАСАУ саяхан олон пуужин харваж туршсан нь АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилтын хариу байлаа гэж Солонгосын ардын армийн Жанжин штабын тайланд дурдсаныг умард Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжуулжээ. “Өргөн хэмжээний хамтарсан цэргийн сургуулилт /Өмнөд Солонгос, АНУ-ын/ бол бүс нутагт хурцадмал байдлыг дэвэргэхэд чиглэсэн ил тод өдөөн хатгалга” гэж энэ мэдэгдэлд дурдсан байна.
Энэ сургуулилт бол аюултай, эцсийн эцэст “БНАСАУ-ын эсрэг шууд чиглэсэн” түрэмгий үйлдэл гэж Умард Солонгосын мэдээллийн агентлаг нэрлэжээ. Ийм ямар ч өдөөн хатгалгын эсрэг үзүүлэх БНАСАУ-ын цаашдын хариу үйлдэл нь илүү боловсронгуй, хайр найргүй байх болно гэж Пеньян анхааруулсан байна.
БНАСАУ арваннэгдүгээр сарын 2-5-ны хооронд олон тооны пуужин харваж туршсан юм. Зөвхөн арваннэгдүгээр сарын 2-нд гэхэд л Япон болон Шар тэнгисийн зүг 17 пуужин харвасан бол, их буугаар 100 удаа буудсан юм.
Пеньяны энэ үйлдлийг Өмнөд Солонгос, АНУ-ын тусгай албад анхааралтай ажиглаж, шинжилж байна. БНАСАУ-ын үйлдлүүдийг анхааралтай ажиглахын зэрэгцээ өөрсдийн ажиглалтын байр суурийг бэхжүүлж байна гэж цэргийнхэн мэдэгджээ.