Нийгэм
207 дугаар байрыг тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар буулгахаар болов
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн.
Тэгвэл аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Түүнчлэн тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болжээ. Холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барих юм. Тиймээс гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгана.
Энэ талаар НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус 207 дугаар байр нь цаашид ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах боломжгүй, зарим давхарт дэлбэрэлтээс үүдэлтэй бетонд хэв гажилт үүссэн, зарим газарт хэтэрхий их шаталт өгснөөс бат бэхийн шинж чанараа алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус байрыг буулгах шийдвэрт хүрч, улсын байцаагчдын дүгнэлт гарсан.
Түүнчлэн чиглэл тус бүрийн зургаан байцаагч газар дээр нь дахин гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар 2024 оны нэгдүгээр сард Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаман дээр байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт буюу “207 дугаар барилга нь барилгын чанар, аюулгүй байдалд нийцэхгүй, дахин ашиглагдах боломжгүй” гэсэн нөхцөл байдал хэвээр тогтоогдсон. 2024 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 02-13-01/172 дугаартай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглосон шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн” гэлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.