Нийгэм
Монгол, Киргизийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.03.20) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан айлчлал идэвхжиж байгааг онцлоод, цаашид хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэр дундаа зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын салбарт хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцлээ.
Мөн хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээрийн хүрээнд шинэчлэн сайжруулах, шинээр байгуулах гэрээ, хэлэлцээрүүд, Киргиз улсаас зохион байгуулж буй “Олон улсын тээврийн форум” арга хэмжээнд ЗТЯ болон тээвэр логистикийн салбарыг идэвхтэй оролцуулж, тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх чиглэлээр санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдлаа.
Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг Киргиз улсын эдийн засгийн зонхилох салбар нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, зам тээврийн салбар, байгалийн баялаг гэдгийг онцлоод хоёр улс хоорондын автотээвэр болон агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Тухайлбал, агаарын тээврийн салбарт Киргизийн нийслэл Бишкек хот, Узбекистан, Тажикстан гээд дамжих боломжтой нислэгийн чиглэлүүд, авто тээврийн салбарт хоёр улсын иргэд саадгүй харилцан зорчих, дамжин өнгөрөх тээвэр хийх зэрэг хамтын ажиллагааны олон таатай боломжуудыг санал болголоо.
Уулзалтын төгсгөлд сайд нар Монгол, Киргизийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.

Нийгэм
“UB Chat” апплейкшны талаар хэлэлцлээ

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар нийт 8 асуудал хэлэлцэв. Ингэхдээ Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай, БЗД-ийн 11-р хороонд байрлах зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай, ХУД-ийн 16-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай болон бусад асуудлыг Хороодын гишүүдийн олонхын саналаар дараагийн шатны хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.
Өнөөдрийн хурлын онцлох асуудал Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай байв. Энэхүү асуудлын хүрээнд UB CHAT апплейкшны талаар Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцуулсан юм. UB CHAT апплейкшн нь нийслэлийн бүхий л мэдээлэл, үйлчилгээг иргэд нэг дороос, онлайнаар авах боломжийг хангахад зориулагджээ. Ингэснээр иргэд цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй бөгөөд цаашдаа үйлчилгээтэй холбоотой бүхий л төлбөр тооцоог хийх боломжийг бүрдүүлэхээр хөгжүүлж байгаа аж. Харин НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Ж.Энхжаргалан, Д.Жавхлан нар тухайн апплейкшны хөгжүүлэлт анхаарч, иргэдэд ямар нэг хүндрэл учруулахгүй, төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулахгүй байх талаас хяналттай ажиллах талаар санал хэллээ. Уг асуудлыг дараагийн шатны хэлэлцүүлэгт илүү тодорхой мэдээлэлтэй болгож оруулах санал хэлж, гишүүд дэмжлээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл танилцууллаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Ч.Батзориг эрчим хүчний үр ашгийг яг хэдэн хувиар яаж дээшлүүлэх, ямар үр дүнд хүрэх талаар нарийн тодорхой судалгаа, мэдээлэл зэрэг нь тодорхойгүй байгаа талаар санал хэлж, шүүмжиллээ. Энэ асуудлыг дараагийн хуралдаанаар маш нарийн тусгахыг онцлов.
Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал:
- Нийслэлийн өмчөөс 2025 онд хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай
- Зөөврийн ус түгээх барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай /БЗД-ийн 11-р хороо/
- Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэгийн барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай
- Орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай
- ХУД-ийн 16-р хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэх тухай
- Хуулийн этгээдийн хувьцаа шилжүүлэн авах тухай
- Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөлд хамрагдах айл өрхийн эргэн төлөлтийн хувь хэмжээг тогтоох тухай
- Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлын үндсэн цалингийн дээд хязгаарыг тогтоох тухай
Нийгэм
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Хоёрдугаар ээлжид ААН, байгууллагын ойролцоох 50 метр талбайг цэвэрлэнэ. Харин гуравдугаар ээлжид иргэд, ААН, холбогдох агентлаг, газрын албан хаагчдыг цэвэрлэгээнд хамруулах юм” гэлээ.
Хаврын их цэвэрлэгээг иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, хаврын улирлын тоос шорооноос сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг. Харин энэ удаад гудамж, талбай, ногоон байгууламж, автобусны буудалд чийгтэй цэвэрлэгээг түлхүү хийхээр зорьж байна. Үүнээс гадна иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор золбин нохой, муурыг устгах ажлыг давхар хийж гүйцэтгэх юм.
Нийгэм
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл арга хэмжээг танилцууллаа. Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хороололд нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт авто зам барьснаар Улаанбаатар хотын түгжрэл 31.7 хувиар буурах тооцоолол бүхий төслийг нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөл танилцуулав.
ШУТИС-ийн механик инженер, тээврийн сургуулийн доктор, дэд профессор М.Дэлгэрнасан:
-Улаанбаатар хотын иргэдийн зорчилт хөдөлгөөнийг эрдэмтэд судалж үзэхэд, Таван шараас 3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармаг гэсэн үндсэн 5 цэгээс зорчилт эхэлж, төгсдөг. Энэхүү зорчилтын урсгалыг сайжруулахын тулд тээврийн холбоос замуудыг нэмэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, авто замуудыг нийтийн тээвэр чөлөөтэй зорчих боломжтой байдлаар өргөтгөх юм бол түгжрэлд нөлөө үзүүлнэ гэж судлагдсан. Харин өнөөдөр авто зам, авто зогсоолыг зөвхөн автомашинд тохиромжтой байдлаар бариад байна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Тодруулбал, Таван шар-3, 4 дүгээр хороолол, Долоон буудал, Офицер, Шархад, Яармагийн авто замуудын тодорхой эгнээг өргөтгөж, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчууулахаар төлөвлөлөө. Яармагаас Үйлдвэр комбинат хүртэлх 0.8 километр орчим авто замыг өргөтгөнө. Хойд талаас зорчих хөдөлгөөн болох Долоон буудлаас төв талбай хүртэлх 8.1 км, Офицероос Шархад хүртэл 3.3 км замыг өргөтгөнө. Ингэснээр иргэдийн зорчих урсгал чөлөөтэй болж, түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор М.Буяндэлгэр:
-Яармагаас хотын төв рүү нийтийн тээврээр чөлөөтөй зорчихын тулд бүхэлдээ гурван эгнээ замтай байх шаардлагатай. Жишээлбэл, Яармагийн зам Нисэхийн аюулгүйн тойргоос Яармагийн гүүр өнгөрөх хүртэл гурван эгнээтэй үргэлжилж, цааш “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио хүртэл хоёр эгнээтэй болдог. Харин “Мишээл экспо”-ийн гэрлэн дохио өнгөрөөд гурван эгнээ замаар зорчиж байснаа “Номин”-ийн гэрлэн дохионоос АПУ хүртэлх 300 орчим метр зайд хоёр эгнээгээр зорчдог. Энхтайваны гүүрний доогуурх эргэлт хэсэг хоёр эгнээ замтай. Эдгээр хоёр эгнээ замыг үе шаттай өргөтгөж гурван эгнээ болгох, улмаар өргөтгөсөн хэсгээр нийтийн тээврийг чөлөөтэй зорчуулахыг зорино.
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
-
Нийгэм6 цаг өмнө
Улаанбаатар хотын хэмжээнд хаврын их цэвэрлэгээ маргааш эхэлнэ
-
Нийгэм9 цаг өмнө
БНБУ-ын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Таван чиглэлд нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг үе шаттай өргөтгөнө
-
Улс төр3 цаг өмнө
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
-
Нийгэм8 цаг өмнө
Кирсти Ковентри Олон улсын олимпын хорооны анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ