Дэлхий дахинд
“Huawei” компанийн гар утасны борлуулалтын хэмжээ нэмэгджээ
БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei” компанийн дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувь хурдацтай нэмэгдсээр байна.
Тус компанийн бүтээгдэхүүнүүдийн өнгөрсөн оны борлуулалтын хэмжээ дэлхийн гар утасны зах зээлийн хоёр дахь том төлөөлөгч болох “Apple” компанийн бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээнд дөхөж очсон ажээ.
АНУ-ын судалгааны “IDC” байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн онд БНСУ-ын “Samsung” компани дэлхийн гар утасны зах зээлийн 20.8 хувийг хангасан бол хоёр, гуравдугаарт “Apple” /14.9/, “Huawei” /14.7/ компани тус тус жагссан байна.
Түүнчлэн хямд үнэ бүхий ухаалаг гар утаснуудыг санал болгож буй БНХАУ-ын компаниудын бүтээгдэхүүний борлуулалт ихээхэн өсч, “Xiaomi” /8.7/, “Oppo” /8.1/ компани жагсаалтын дөрөв, тавдугаарт бичигджээ.
“2018 онд дэлхий даяар нийт 1.4 тэрбум ухаалаг гар утас худалдаалагдсан нь өнгөрсөн оны ижил үзүүлэлттэй харьцуулахад 4 хувиар буурсан” гэж “IDC” байгууллагын тайланд тэмдэглэжээ. Энэхүү үзүүлэлт нь хоёр дахь жилдээ дараалан буурч буй нь энэ бөгөөд 2019 онд ч мөн буурах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолсон байна.