Дэлхий дахинд
Трамп, Ким Жон Ун нарын уулзах газрыг ирэх долоо хоногт зарлана
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 31-нд хэвлэлд хандан Ким Жон Унтай хоёр дахь уулзалтаа хоёрдугаар сарын сүүлчээр хийхээр товлож, АНУ, БНАСАУ уулзалтын бодит цаг хугацаа, газар орны талаар тохиролцсон, үүнийг ирэх долоо хоногт зарлана гэжээ.
АНУ-ын Төрийн департамент мөн өдөр мэдэгдэл нийтэлж, Умард Солонгосын бодлого хариуцсан АНУ-ын онц төлөөлөгч Стивен Бигун хоёрдугаар сарын 3-нд БНСУ-ын Сөүлийг зорьж, БНСУ-ын ГХЯ-ны Хойгийн энх тайвны ажил хариуцсан сайд Ли До Хунтай уулзаж, мөн БНАСАУ-ын албаныхантай “БНАСАУ-ыг цөмийн зэвсэггүй болгох зорилтыг биелүүлэхийн төлөөх дараачийн арга хэмжээ” зэрэг асуудлаар уулзана гэдгийг мэдээлсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нэгдүгээр сарын 30-нд өгсөн ярилцлагадаа: АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь уулзалт хоёрдугаар сарын сүүлээр Ази тивийн аль нэг улсад болно гэсэн байна. АНУ-ын хэвлэлийн мэдээлснээр, хоёр удирдагчийн уулзалтыг Вьетнамын Ханой, Дананг, Тайландын Бангкокт хийх боломжтой гэжээ.